Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын
2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн
А/166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь ойн дагалт баялгийн нөөцийг /цаашид “нөөц” гэх/ хамгаалах, зүй зохистой ашиглахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. “Ойн дагалт баялаг” гэж Ойн тухай хуулийн 3.1.12-д заасныг ойлгоно.
Хоёр. Нөөц тогтоох, нөөц ашиглах зөвшөөрөл олгох
2.1. Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутагтаа тухайн жилд ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.
2.2. Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ тухайн жилд бэлтгэх нөөцийн дээд хязгаарт багтаан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл олгоно.
2.3. Хуш модны самрын хувьд тухайн жилийн ургацын байдлыг Ойн анги судалж тогтоон “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газарт самрын ургацын байдлын мэдээ, дүгнэлтийг тухайн оны 08 дугаар сарын 01-ны дотор хүргүүлнэ.
2.4. “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хуш модны самрын ургалтын мэдээг нэгтгэн дүгнэж, дүгнэлтийг тухайн оны 08 дугаар сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
2.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүгнэлт, орон нутгаас ирсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох тухай шийдвэрийг тухайн оны 09 дүгээр сарын 1-ний дотор бүсчилэн гаргана.
2.6. Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвхөн ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, тухайн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэнэ.
2.7. Эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал ашиглах зөвшөөрлийг Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11, 12, 13-д заасны дагуу олгоно.
2.8. Нөөц бэлтгэх зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно.
2.9. Эрхийн бичиг нь Ойн тухай хуулийн 38.2-д заасан агуулгатай байна.
2.10. Эрхийн бичгийг олгохдоо Ойн тухай хуулийн 38.4-д заасны дагуу ойн дагалт баялгийн нөөц, тархац, тухайн жилийн ургацын байдал зэргийг харгалзан үзнэ.
2.11. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн хэсэгт нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг менежментийн төлөвлөгөөнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.
2.12.Эрхийн бичгийг 2 хувь үйлдэж, 1 дүгээр хувийг санхүүгийн тооцооны баримт болгон өөртөө үлдээж, 2 дугаар хувийг ойн дагалт нөөц ашиглагчид олгоно.
2.13. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр ззэмшиж буй ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичгийг бусдад олгох тохиолдолд тэдгээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсаны үндсэн дээр олгоно. 2.14. Эзэмшлийн бус ойд үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц ашиглуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сумын Засаг дарга ойн ангитай зөвшилцөж сонгон гэрээ байгуулж, гэрээг дүгнэж ажиллана.
2.15. Нөөцийг ашигласны төлбөр, хураамжийг тухайн сум, дүүргийн төсөвт төлнө.
2.16. Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгоно.
2.17. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас нөөцийг бэлтгэж амжаагүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа иргэнд 5 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.
2.18. Эрхийн бичгийг түүний хүчинтэй байх хугацаанд дахин олгохгүй.
2.19. Нөөц ашиглах эрхийн бичгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлүүлж аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн ангид улирал бүрийн эхний 10 хоногт олгоно.
Гурав. Нөөцийг ашиглах хугацаа
3.1. Тухайн сум, дүүргийн ойн анги эсхүл байгаль хамгаалагч нь нөөцийн түүх хугацааг тодорхойлно.
3.2. Цэцэг, ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг ургамлын ургах хугацааны тохиромжтой үе шатанд түүнэ.
3.3. Жимс, мөөгийг нэр, төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.
3.4. Үндэс, үндэслэг ишийг тухайн ургамлын ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрч, хагдралтын хугацаанд бэлтгэнэ.
3.5. Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 5 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
3.6. Модны давирхайг ургамлын вегетацийн хугацаанд буюу 5 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
3.7. Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ.
Дөрөв. Нөөцийг ашиглах дээд хэмжээ
4.1. Ойн анги болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нь иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын шинжилгээ, судалгаа, ахуйн зориулалтаар нэг удаад нөөцийг бэлтгэх зөвшөөрлийн дээд хэмжээ, үйлдвэрлэлийн зориулалтаар нэг газраас нөөцийг бэлтгэх зөвшөөрлийн дээд хэмжээг хүснэгт 1-д заасан хязгаарт багтаан олгоно.
4.2. Ойн анги болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нь нөөцийн тархац, нөөц, нөхөн сэргээгдэх чадвар, хувийн жин, тухайн жилийн ургацыг харгалзан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын бэлтгэж болох нөөц тус бүрийн тогтоосон дээд хэмжээг эрхийн бичигт зааж өгнө.
4.3. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэх эрхийн бичгийг нэг газарт нэгээс илүү удаа олгохгүй.
4.4. Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ашиглах нөөцийн хэмжээнд багтаан нөөц бэлтгэнэ.
4.5. Мэргэжлийн аж ахуйн нэгж нь өөрийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, ойн ангиар нөөцийн бэлтгэх хэмжээг тогтоолгоно.
Хүснэгт 1
Нөөцийг ашиглах дээд хэмжээ
Д/д |
Ангилал |
Нөөц |
Нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ |
||
Шинжилгээ, судалгааны зориулалтаар /1 удаа/ |
Ахуйн зориулалтаар /1 удаа/ |
Үйлдвэрлэлийн зориулалтаар /нийт нөөцөөс бэлтгэх хувь/ |
|||
1 |
Нэн ховор ургамал |
Цэцэг |
0.3 кг |
- |
- |
2 |
Үр, жимс, жимсгэнэ |
0.5 кг |
- |
- |
|
3 |
Газрын дээрх хэсэг |
2 кг |
- |
- |
|
4 |
Үндэс, үндэслэг иш |
1 кг |
- |
- |
|
5 |
Ховор ургамал |
Цэцэг |
0.5 кг |
2 кг |
3 % |
6 |
Үр, жимс, жимсгэнэ |
1 кг |
10 кг |
10 % |
|
7 |
Газрын дээрх хэсэг |
2 кг |
3 кг |
10 % |
|
8 |
Үндэс, үндэслэг иш |
1 кг |
2 кг |
3% |
|
9 |
Элбэг ургамал |
Цэцэг |
4 кг |
6 кг |
10 % |
10 |
Үр, жимс, жимсгэнэ |
8 кг |
10 кг |
40 % |
|
11 |
Газрын дээрх хэсэг |
10 кг |
15 кг |
50 % |
|
12 |
Үндэс, үндэслэг иш |
6 кг |
8 кг |
10 % |
|
13 |
Бусад нөөц |
Хүнсий мөөг |
10 кг |
20 кг |
50 % |
14 |
Давирхай |
5 кг |
20 кг |
- |
|
12 |
Модны холтос үйс |
10 кг |
15 кг |
- |
|
16 |
Хөвд, хөвхөн |
5 кг |
20 кг |
- |
|
17 |
Хусны шүүс |
3 литр |
5 кг |
- |
|
18 |
Самар |
10 кг |
25 кг |
40 % |
|
19 |
Хусны мөөг |
1 кг |
5 кг |
- |
Тав. Нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх
5.1.Нөөц бэлтгэж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор нөөцийг бэлтгэнэ.
5.2. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги нь иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нөөц ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийж, нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.3. Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч нь нөхөн сэргээх, арчлах, хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хэрэгжүүлнэ.
5.4. Давирхай, модны холтос, үйс, хөвд, хөвх, хусны шүүс, хусны мөөг зэрэг дагалт баялгийн нөөцийг зөвхөн шинжилгээ, судалгаа, ахуйн зориулалтаар бэлтгэнэ.
Зургаа. Нөөцийг ашиглахад баримтлах зүйл
6.1. Нөөц ашиглах, хамгаалах үед дараах зүйлийг баримталж ажиллана.
6.1.1. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;
6.1.2. Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;
6.1.3. Түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;
6.1.4. Хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх;
6.1.5. Мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;
6.1.6. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;
6.1.7. Байгаль орчныг бохирдуулахгүй байх;
6.1.8. Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх.
Долоо. Тайлагнах, хяналт тавих
7.1. Ойн анги, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нь нөөцийн ашиглалт, хамгаалалтын мэдээ, тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 01-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.
7.2. Байгаль орчны газар нь нөөцийн ашиглалт, хамгаалалтын нэгдсэн мэдээ, тайланг 12 дугаар сарын 10-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.3. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нөөцийг ашиглах эрхийн бичгийг үндэслэн ашиглалт явуулах газрыг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад заан өгч хяналт тавина.
7.4. Нөөцийн ашиглалт, үйлдвэрлэлийн явцад иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллага хяналт тавьж гарсан зөрчлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж хамтран шийдвэрлүүлнэ.
7.5. Эрхийн бичгийн олголт, нөөц ашиглалтын явцад тухайн сум, дүүргийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
7.6. Нөөцийг тээвэрлэхдээ эрхийн бичгийн хамт тээвэрлэнэ.
7.7. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэхгүй.
Найм. Хүлээлгэх хариуцлага
8.1. Нөөцийг ашиглах, хамгаалахтай холбогдсон хууль, журам, зааврыг зөрчсөн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Ойн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ