2018 оны 01 сарын 23
Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат
газрын байгалийн нөөцийн мэдээлэл
Биологийн олон янз байдлын хувьд 6 багт хамаарах 53 зүйл хөхтөн тэмдэглэгдсэний дотор шавж идэштэн 8, сарьсан далавчтан 4, туулай хэлбэртэн 4, мэрэгч 12, туруутан 5 байна.
Хөхтөн амьтдын зонхилох хэсгийг умарын ой тайгын хүрэн баавгай, молцог хандгай, халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, баданга хүдэр, саарал чоно, монгол тарвага, шар үнэг, боролзон туулай, чандага, өмхий хүрэн, нохой зээх, ойн булга, үен, халздай дорго, шилүүс мий зэрэг амьтан эзэлдэг.
Мөн ятуу, хөтүү, хур, сойр, зэрэг агнуурын, тас, бүргэд, шонхор, сар, элээ зэрэг махчин, хун, галуу, нугас, ангир, тоодог зэрэг нүүдлийн шувууд ихээхэн тохиолддог. Бүс нутаг нь гүзээлзгэнэ, аньс, үрэл, хад, нэрс, долоогоно, улаалзгана, үхрийн нүд, мойл зэрэг 10 гаруй төрлийн жимс болон мөөг, самар, зэрлэг сонгино, улаан төмс зэрэг байгалийн олон төрлийн дагалт баялагтай.
Ургамлын аймгийн хувьд 25 овгийн 74 зүйлийн дээд ургамал, 13 зүйлийн доод ургамал буюу хаг хөвд бүртгэгдсэн байна. Хантай, Бүтээлийн нурууны салбар хэсгүүдэд тэхийн шээг, нохойн хошуу, гишүүнэ, таван салаа, сөд өвс, эгүүшин зэрэг 18 овгийн 31 зүйлийн ашигт болон эмийн ургамал ургадаг.
Дархан цаазат газрын бүс нутагт улиас, шинэс, гацуур, жодоо, хуш, нарс, улиангар, хус, бургас зэрэг 9 төрлийн мод ургадаг бөгөөд газар нутгийн 91.3 хувийг ойн талбай эзэлдэг нийт ойн нөөц нь 63223736 м3.
2018.01.18
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ